Өнөөдөр нийслэлийн 374 жилийн ойн баярын өдөр. Эсгий хотоос түүхээ бичиж эхэлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын хамгийн том төв, монголчуудын эрхэм бэлгэдэл юм. Улаанбаатарын үндэс суурь болох Хүрээ буюу Өргөөний тухай түүх 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг ч одоогийн нийслэл хотын шав Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст Алтан тэвшийн хөндийд 1778 онд тавигдсан гэж үздэг. Үүнээс хойш Монгол Улсын нийслэлийн нэр түүхэндээ таван удаа солигдож байжээ.
1. Өргөө /1639-1651 он/
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Өргөө нь Монголын шарын шашны төв байснаас гадна тухайн үедээ Халх Монголын улс төрийн төв байсан гэдэг. Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр 1651 оны үед Номын хүрээ болж өөрчлөгдөн 1706 оныг хүртэл тийн нэрлэгдэж байжээ.
2. Их Хүрээ /1706-1911 он/
Өргөө нэрээр монголын түүхэнд анхны суурьшмал хот хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хотын анхны нэр 1706 оны үед Номын хүрээ болон өөрчлөгджээ. Харин тухайн үед одоогийн Сэлбийн голын хөндийд суурьшмал бас нэгэн шинэ хот болох Их Хүрээ үүсэн хөгжиж эхэлсэн нь өдгөөгийн Улаанбаатар хотын эхлэл болсон байна. Монгол урчууд Их Хүрээнд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ. XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан байна. Тухайн үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна.
1756 онд Их Хүрээнд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээнд суурьшиж байжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчилэн хийд 1809 онд баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга болжээ.Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм. Монголын улс төр, шашны нэн чухал төв болсон Их Хүрээ 1912 онд нэрээ сольж Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэх болсон байна. Энэ нь Нийслэл Хүрээ Монгол улсын нийслэл болж, улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон үе байлаа.
3. Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/
1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болжээ. 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ.
Түүнээс өмнө одоогийн "Улаанбаатар" зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван байшин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв. Энэ үед их хотын жолоо атгасан анхны дарга гучин хоёрхон настай Моононгийн Баяр байлаа. Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошуу /одоогийн Дорнод аймгийн Булган сум/-ны бичээч байсан залуу эр Цэргийн яаманд алба хааж, Хатанбаатар Магсаржавтай хамт нэг өдөр МАХН-д элссэнийг үзэхүл их Нацагдоржтой бий тусдаа ч, янтай нэг явсан байж мэдэх л юм. Юутай ч хотын төр захиргааны дүрэм батлуулж, хотын түр захиргааны дарга 1, жинхэнэ бичээч 2, ажилчин 11, морьтой зарлага 2, гишүүн 3, нарийн бичгийн дарга 1, бүгд 20 орон тоотой батлуулан ажлаа эхэлжээ.
Түүнээс хойш:
- Моононгийн Баяр 1924-1926 он
- Санжийн Батсүх 1926-1927 он
- Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он
- Ламжавын Мижиддорж 1929-1930 он
- Бадамын Цэдэндамба 1931-1932 он
- Өлзийн Равдан 1932.07.04-08.27
- Дансранбилэгийн Догсом 1932-1933 он
- Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он
- Лодойн Тавхай 1939.05-11
- Өлзийцогтын Мажиг 1940-1941 он
- Ломбодонойн Дамдин 1941. 07-08
- Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он
- Содномын Шагдар 1942-1944 он
- Гүндийн Багаа 1944-1956 он
- Бадрахын Ламзав 1956 он
- Будын Батжаргал 1956-1959 он
- Санжийн Батаа 1959-1962 он
- Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он
- Догсомын Цэдэв 1965-1971 он
- Сономын Лувсангомбо 1971-1972 он
- Сүрэнжавын Балбар 1972-1976 он
- Очирын Цэнд 1976-1978 он
- Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он
- Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он
- Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он
- Жанлавын Наранцацралт 1996-1998 он
- Миеэгомбын Энхболд 1999-2005 он
- Цогтын Батбаяр 2005-2007 он
- Түдэвийн Билэгт 2007-2008 он
- Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 -2012 он нар хотын дарга байсан бөгөөд 2012 оноос эхлэн өнөөг хүртэл Эрдэнийн Бат-Үүл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. 1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагджээ. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан билээ.
Улаанбаатар хотын Засаг захиргааг:
1924 он Нийслэл хотын түр захиргаа
1925 он Улаанбаатар хотын захиргааны хэрэг эрхлэх газар
1932 он Улаанбаатар хотын аймгийн захиргаа
1933 он Улаанбаатар хотын захиргаа
1938 он Улаанбаатар хотын захирах яам
1941 он Улаанбаатар хотын захиргаа
1948 он Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн бага хурал
1953 он Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа
1961 он Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаа
1992 он Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэмээн нэрлэж байжээ.
Өдгөө Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 м.кв нутагтай. Засаг захиргааны 9 дүүрэгт хуваагддаг.
Эх сурвалж: Эндээс үзнэ үү