Олон нийтийн хайр хүндлэлийг олон сайхан уран бүтээлээрээ хүртсэн жүжигчин Робин Уиллиамсын үхэл бүгдийг цочирдуулсан хэрэг болсон. Түүнийг хар тамхинд донтогч гэдэг мэдээ цацагдаж байсан ч сэтгэл гутралаар шаналж байгаа нэгэн гэдгийг нь тэр бүр мэддэггүй байв. Харин түүний гэнэтийн цочирдом үхэл олон нийтийг сэрдхийлгээд зогсохгүй энэ өвчний тухай олны анхаарлыг татсан юм.
Бидний ихэнх нь "найз нь гутарчихсан явж байна", "би сэтгэл гутралд өртсөн байх аа" гэж ярих үе байдаг ч энэ нь бидний боддог шиг хөнгөн, хийсвэр зүйл биш юм. АНУ-д энэ өвчнөөр 350 сая хүн шаналж байдаг нь энэ өвчний цар хүрээ хэр өргөн,мөн бодитой асуудал гэдгийг харуулж байна.
Гэхдээ энэхүү өвчнөөр шаналж буй хүний тархинд яг ямар үйл явц явагдаж байдаг вэ? Ямар нэг биологийн шалтгаантай юу гэдэг асуултанд хариулъя. Өмнө нь энэ өвчний шалтгааныг эрдэмтэд тархин дахь химийн тэнцвэргүй байдлаар тайлбарладаг байлаа. Тархин дахь нейродамжуулагч серотонин хэмээх бодисын хэмжээ бага байгааг үүнтэй холбодог байсан юм.(Серотонин нь аз жаргалын гормон ч гэгддэг).Учир нь сэтгэл гутралтай хүнд серотониныг нэмэгдүүлэх эм бэлдмэл өгөхөд тэр хүний байдал сайжирч байжээ. Тархинд явагдаж буй химийн урвал хэдийгээр холбоотой ч сэтгэл гутралын шалтгаан үүнээс ч илүү ярвигтай, олон талтай юм.
Сүүлийн жилүүдэд эрдэмтдийн тогтоосноор тархины эсийн хөгжил болоод холбогч эд сэтгэл гутралд ихээхэн нөлөө үзүүлдэг аж. Сэтгэл гутралтай хүний тархийг судлахад сэтгэл хөдлөл, ой санамжийн хэсгийг удирддаг гиппокамп харьцангуй жижиг байсан бөгөөд сэтгэл гутрал удах тусам энэ хэсэг улам жижгэрч байжээ.Энэ хэсгийн эд эс, холбоосууд муудаж байв.Энэ нь стресс тархины нейроны хэмжээ буурахад хүргэж байгаатай мөн холбоотой гэж үзэж байна. Өөр судалгаагаар энэ хэсгийн эсүүд нэмэгдэж сэргэхэд сэтгэл санаа мөн сайжирч байгааг тогтоосон байна.Сонирхолтой нь серотонинд нөлөөлдөг эм бэлдмэлүүд тархины эсийн өсөлттэй шууд бусаар холбоотой байжээ. Ийм учраас зарим өвчтөнд энэ төрлийн эм бэлдмэлийг өгөхөд дээрдэж байсан байж болох юм.
Химийн урвал,эсийн хөгжлөөс гадна бас нэг нөлөөлөх хүчин зүйл нь генетикийн хүчин зүйл юм. Нэгэн судалгаагаар серотонин дамжуулагч ген тухайн хүнийг сэтгэл гутралд өртөх магадлалтай болгодог гэжээ.Хүн бүр эцэг эхээс нэг нэг генийг нь авдаг бөгөөд энэ ген нь урт эсвэл богино бүтэцтэй байдаг. Таван жилийн турш 800 залуу хүмүүсийг судалсны эцэст нэг ген нь богино бүтэцтэй хүмүүсийн 33% нь цочирдом амьдралын үйл явдлын дараа сэтгэл гутралтай болсон бол хоёр ген нь богино бүтэцтэй хүмүүст бүр ч дор байжээ.Харин хоёр ген нь урт бүтэцтэй хүмүүс яг адилхан үйл явдлаас болж сэтгэл гутралтай болох нь харьцангуй бага байсан юм. Үүнээс гадна олон төрлийн ген сэтгэл гутралтай болох эсэхэд нөлөөлж байжээ. Сэтгэцийн хоёр туйлт эмгэг, сэтгэл гутралтай хүн гэр бүлд нь байвал өөр нэг гэр бүлийн гишүүн мөн ийм өвчтэй байх магадлал өндөр байдаг нь үүнтэй холбоотой юм.
Сэтгэл гутралын шалтгаанууд үүгээр дуусахгүй бөгөөд хамгийн гол нь энэ нь биологийн шалтгаантай,нийгэм сэтгэлзүйн урьдач нөхцөлтэй бодит өвчин юм. Иймээс сэтгэл гутралтай найз нөхөдтэй бол энэ нь ханиад болон бусад өвчин шиг эдгэрчихгүй,"Одоо март л даа" гэж хэлээд нэмэргүй гэдгийг санаарай.
Ц.Цэрэндолгор
Эх сурвалж: Эндээс үзнэ үү
|