О.Дашбалбар: Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Эгэлгүй тансаг энэ л мөрийг цаг хугацааны торгон мөчлөгийн тэртээ алсад шүлэглэж, зүрх сэтгэлээрээ, оюун бодлоороо, суу билиг, бүхий л хүсэл тэмүүллээрээ хөх Монголын төлөө шатаж, хүмүүний нандин амьдралд “хайрлан дагуулахуйн онгод” бадрааж явсан хөвүүн бол Очирбатын Дашбалбар билээ.
Дорнод Монголын хөдөөх талд мэндэлж наран мандахад уясаж агтын төвөргөөнд торниж, эгэл бор амьдрал ханхалсан дов толгодоос эрийн цээнд хүрч монгол түүхийн нэгэн их овоо болсон эх оронч тэрбээр халуун сэтгэлтэн, цогтой тэмцэгч, шантрашгүй зоригтон, хайрлан дурлагч хийгээд хайрлан дурлуулагч, билэг танхай яруу найрагч, басхүү уран илтгэгч байжээ.
Энэ гэгээн их хүн 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1972 онд Дарьганга суманд наймдугаар ангиа төгсч 1974 онд ЗХУ-ын Омск хотод ХАА-н ТМС-д суралцаад 1975 онд Сүхбаатар аймгийн төвд 10-р анги дүүргэж 1984 онд Москва хотын Утга зохиолын дээд сургуульд суралцжээ. ЗХУ-д төгсч ирээд 1987 он хүртэл МЗЭ-ийн хорооны гадаад харилцааны хэлтэст орчуулагч-редактор, 1987-1990 онд “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1990-1991онд ХААЯ-нд мэргэжлийн зохиолч, 1991-1996 онд Соёлын яамны харъяа Монголын Буддын соёлын төвийн захирлаар тус тус ажиллаж байгаад 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.
"Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ"
Хүмүүс ээ, амьддаа бие биенээ хайрла
Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд дуралсных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Эх сурвалж
Сэтгүүлч Г.Ганчимэг
E-mail: ding_ding48@yahoo.com