Monday, 2024-12-23, 1:52 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 10
Guests: 10
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 18 » Хорвоод хосгүй Монгол банхар
4:07 PM
Хорвоод хосгүй Монгол банхар

 

Хүн төрөлхтөний тэжээж гаршуулсан анхны амьтан бол саарал чонын удам, нохой болохыг хэн хүнгүй мэднэ дээ. Нохойг  анхандаа ан ав хийх, өөрсдийгөө болоод мал, эд хөрөнгөө харж  мануулахад  ашиглаж ирсэн түүхтэй.  Кавказ, Дундад Ази, Шотланд, Немц овчарк гэхчилэн улс орон, бүс нутгийнхаа нэрээр нэрлэгдсэн сайн үүлдрийн ноход олон буй. Тэгвэл Монгол банхар хэмээх маш эртний, гайхамшигтай нохойг сүүлийн үед хүмүүс ихээхэн сонирхох болжээ.  
 
  Чулуун зэвсгийн үетэй холбогдох хад, агуйд нохой, нохой дагуулсан анчныг дүрсэлсэн  сүг зураг Монгол нутагт ихээхэн тохиолддог ба энэ нь агуйгаар гэр орноо хийж байсан эртний хүмүүст нохой ойр дотно байсныг гэрчилдэг.  АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд DНК-гийн өөрчлөлтийг судалсны үндсэн дээр чононоос нохой үүсэх явц ойролцоогоор 135 мянган жилийн өмнө явагдсан гэж тогтоосон бол дэлхийн хамгийн эртний буюу 33 мянган жилийн настай нохойн яс Алтайн нуруунаас олдсон байдаг. Мөн Монгол нутагт 12 мянган жилийн тэртээд нохойг гаршуулсан үеийг харуулсан хадны сүг зураг Увс аймгийн Сагиль суман дахь Можоогийн хаданд буй. Судлаачид энэ зургийг  хүй нэгдлийн буюу Мезолитын үеийн хосгүй үнэт өвийн нэг гэж үздэг. 
 
   Дэлхийд  500 гаруй төрлийн нохой байдаг гэсэн. Оросын эрдэмтэн Егорская  гэж эмэгтэй манай улсад ирж судалгаа хийнгээ аймаг бүрээс монгол ноход сонгон  авч Санкт Петербург хотын ойролцоох төвдөө  аваачин үржүүлж байгаа юм билээ. Тэрээр Монгол нохдын цусыг Бельгийн цусны төвд шинжлүүлж үзэхэд чонын DNK илэрч, монгол нохой чонотой адил үзүүлэлттэй гарсан нь монгол банхар  хүмүүний гаршуулсан нохойны анхдагч болохын нэг баталгаа болж байгаа юм. Хятадын зарим эрдэмтэд ч Монгол нохой дэлхийн бүх нохойны угшил гэж үздэг юм билээ.   
 
     Монголын их талын тэсгим жавар, их говийн аагим халуунд хатуужсан, соёл иргэншлээс алс хол тусгаарлагдсан Монгол банхартай тулалдах чадвараараа энэ зэрэгцэх амьтан үгүй мэт.    Монголчууд  бид удам судар ярих их дуртай улс. Удам  угсаагаа сайн хадгалдаг, хамгийн сайн судлагдсан  бодгаль бол хүн, нохой, морь гурав болов уу. Хурдан удмын азарганы үр төл нь хурдан, анч нохойн удам анч, сайн хоточ нохойных хоточ, сайн бөхчүүдийн олонхи нь бөх хүний үр удам л байдаг шүү дээ.   
 
       Нохой судлаачид бичихдээ: “Банхарын үндсэн зүс нь хар халтар, зүрх цагаан.  Аливаа орчинд дасан зохицох чадвараараа гойд сайн. Сэтгэлзүйн хувьд меленхолик тал руугаа, юм сурахдаа гадны нохой шиг хурдан шалмаг сүрхий биш боловч,  зөнгөөрөө юмыг маш сайн  мэдэрдаг.  Юм бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй, шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Жирийн үед харц дөлгөөн, хөдөлгөөн болхи, баргил бүдүүн дуутай,  унтахдаа үнэг шиг цагираглан хэвтэж цавиндаа хушуугаа шургуулдаг,  дунджаар 15 - 20 жил насалдаг амьтан” гэж тодорхойлсон байдаг. Мөн Монгол банхарын сүүл нь төгсгөлдөө цайвар, согсоотой энэ согсоо нь өөр ямар ч үүлдрийн нохдод байдаггүй урт, хүйтний улиралд даардаггүйн учир нь маш өтгөн нягт ноолууртай, ноолуурын гарц нь 75 хувьд хүрдэг, энэ нь бүх сүүн тэжээлтэн амьтдын дотроос хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд бусдаас ялгарах, хосгүй чанаруудын нэг. Монгол банхарт бусад  үүлдрийн нохдод байдаг шиг сонин үнэр байдаггүй, түүний арьс үс нь гайхалтай цэвэр, сорлог, ер бусын өнгөлөг, бүтцийн хувьд булгатай ижил” гэж магтах юм билээ. 
 
       Эрт дээр үеэс Монгол цэргүүд аян дайнд мордохдоо нохойгоо дагуулж явдаг байсан гэлцдэг. Хүннү гүрний Атилла хааны үеэс нохойг дайн тулаанд ашигладаг, тэр үед  монгол ноход  эртний Грек, Ромд хүрсэн байдаг.  Чингис хаан улс орныг дайлаар мордохдоо  нохойг ашиглаж байсан тухай түүхчид бичдэг. Тэрээр Түвдийг эзэлснийхээ дараа тэнд дайнч нохдынхоо баазыг байгуулсан ч гэж ярьдаг. Их хаан нохой алсан хүнийг бодоор, зодсон хүнийг богоор торгодог тэр бүү хэл буруудсан түшмэдийн хэргэм зэрэг, хөрөнгийг хураахдаа нохойноос бусдыг нь хураах  хуультай байсан ч гэж ярьдаг.  
 
Тэрээр Зэв, Боорчи, Сүбээдэй, Хубилай жанжнуудаа миний дөрвөн үнэнч ноход хэмээн магтдаг байсан гэлцдэг. Монгол банхар нь Атилла,  Чингис хааны байлдан  дагуулалтын үеэр Төв Ази, Баруун Европ, Хималайн бүс  нутгуудаар өргөн тархсан гэж үздэг. Эзэн Чингис түүний баатрууд дайн тулаанд нохойг маш сайн ашигладаг байсан ба дайлаар мордохдоо авч явдаг 30 мянган монгол нохойтой байжээ. Түвдийг эзэлснийхээ дараа тэнд тулаанч нохдыг бэлтгэх бааз байгуулсан гэх  түүхэн баримт ч байдаг аж.
 
    Марко Поло “Хорвоогийн хачин сонин” номондоо“Даага шиг том биетэй нохойг энд анх удаа үзлээ” гэж бичсэн байдаг.  Мөн бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан цоохор авдрын нүүрэн дээр, мөн  нэг төгрөгийн дэвсгэрт дээр  арслангийн зураг байдаг даа. Энэ бол арслан биш монгол банхарын дүрс болохыг зураачид  нотолдог юм билээ.  
 
    Гаднаас нь өнгөцхөн харж, гаднын ганган ноходтой харьцуулахад зүс царай муутай, ноос ноолуурандаа дарагдсан мэт боловч, хүний оролцоогүйгээр малаа харж, хариулах, хээрийн ямар ч амьтантай аймшиггүйгээр тулах, эздийнхээ амь насыг хамгаалах талаараа хосгүй чадварлаг амьтан  бол цэвэр цусны Монгол банхар.  Банхарын зүрх цагаан байдаг нь эр зоригтойнх, нүдэн доторхи хос толбо нь хүний дотоод сэтгэлийг хардаг хэмээн ярьдаг нь үнэн болохыг эрдэмтэд саяхан судалгаагаар баталсан байдаг.  Шөнөжин хотоо манан хуцаж,  дуг хийлгүй хоночихоод   өдөржин гэрийнхээ сүүдэрт нойрмоглон хэвтдэг  Банхар  дөрвөн нүдтэй. Хоёр нь унтаж байхад хоёр нь хотоо манадаг ч гэж хөгшүүд ярьцгаадаг.
 
   Түүхэн баримтаас харж байхад бидний өвөг дээдсийн нохойтойгоо харьцдаг ёс заншил нь агуу байж.  Айлаас гөлөг авахдаа өдөр судар харж, сүү барьж очдог, үхэхэд нь хүртэл аманд нь шар тос үмхүүлээд сүүлийг нь тайрч хөдөөлүүлдэг хүмүүс бол Монголчууд. Эм нохой хотонд өөрөө ирвэл буян авч ирнэ, эр нохой ирвэл олз омог авчирдаг хэмээн бэлэгшээж авч тэжээдэг тэр бүү хэл бие биенийгээ гичий, жингэр хэмээн хараахаас ч цээрлэдэг байсан өвөг дээдэс минь.
 
   Монголчуудын нохойгоо тэжээх арга барил гадныхнаас тэс  өөр. Одоогийнх шиг тусгайлан байр сав засаж, бэлэн хоол өгөөд байдаггүй. Гашилсан сүүний шар ус, хоносон хоолны шавхруу, мөлжсөн яс, тогооны угаадас, юухан хээхэн л хаяж өгнө. Тэглээ гээд эзэндээ гоморхойд яявчихдаггүй, их өлссөн үедээ өөрөө явж, оготно, тарвага, зурам барьж иддэг амьтан.
 
    Монгол нохойны байгалийн физиологи бол чонотой яг жилд нэг удаа орооны нийллэг болдог.     Нохойн ороо 11 сард орж хээл аван  идэр өвлийн хүйтэн ид тачигнаж байх үе буюу 1 сард гөлөглөнө,  ийм орчныг давж чадсан  гөлөг эрүүл чийрэг байна. Орооныхоо үед гудамжинд залгалдчихсан нохдыг хүүхдүүд учир зүггүй мод саваагаар балбан гийнуулж байгаатай нэг бус удаа таарч, болиулж байлаа. Яагаад ингэчихдэгийн учрыг тайлбарлаж өгвөл хүүхдүүд маань тэднийг ингэж  зодож тарчлаахаа болих болов уу. Эр нохойн үржлийн эрхтэний толгой жингэрийн умай руу оруут цусаар дүүрч томрох үед эмийнх нь умайн булчин маш хүчтэй агшдаг аж. Хэсэг хугацааны дараа цус нь эргэн эрийн эх бие рүүгээ шахагдаж, гичийн булчин хэвийн байдалдаа очих үед өөрсдөө аяндаа  салж хоёр тийшээ болдгийг бид анзаардаггүй байхад одооны багачууд яаж мэдэх билээ.  
 
        Сүнс нохойн төрлийг дамжиж хүнд ирдэг гэж ярьдаг нь үнэн болов уу гэж би боддог. Аавын нагац ах Гэжээбал гавж гэж Ханхөхийн хүрээний мяндагтан лам нарын нэг болох хүн 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Улаангомд буудуулсан юм. Тэрээр баригдахынхаа өмнөхөн тэжээж байсан шар нохой нь хээр үхчихсэн хэвтэхийг үзээд сүүлийг тасдаж авчраад өөрийнхөө хамаатан хүүхэдгүй нэгэн айлын ойролцоо булж, тэднийд өдөржин ном уншчихаад явсны хойтон жил нь хүү төрсөн гэж аав маань ярьдаг байлаа
     
 Монгол банхарын  нэг гайхамшиг нь эзэндээ үнэнч, зөнч чанар. 1957 онд баруун аймгуудыг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох үед нутгийн нэг айлд хөгшрөөд үс ноосондоо баригдчихсан, хотонд ч олигтойхон хуцдаггүй нэг муу монгол банхар байж. Нэг өдөр нохой нь гэнэт гэр рүүгээ давхиж ороод орон дээр дээр унтаж байсан өлгийтэй хүүхдийгнь зууж гараад давхисан байгаа юм. Гэрийнхэн хашгиралдаад бүгдээрээ нохойны араас том жижиггүй гүйлдэж гэнэ. Гэтэл хэдхэн хормын дараа ард нь гэр, хоттой хонь нь газрын гаваар орсон гэдэг. Тэр айл ийнхүү ад үзээд байсан нохойныхоо ачаар бүгд амьд мэнд гарч, амийг маань аварсан ачтан гэж хөгшин банхарыгаа үхэн үхтэл нь хүндэтгэн хайрласан гэдэг яриа бий.
 
   Манай авга ах Төрхүү гэж өвгөн Увс аймгийн Өндөрхангай сум, Ханхөхийн нуруунд амьдардаг байлаа.   Бид нар түүнийг Төөлөө гэж авгайлна. Хааяа номхон хул морио адуунаас бариулж унаад нутгийн хөгшчүүлээр орж аяга тагш юм эргүүлнэ. Халтар нохой нь ганцхан Төөлөөг л ийш тийшээ мордоход нь дагаад шогшчихно. Бусад үед гэрээсээ холдохгүй, их залхуу. Нэг удаа халтар нохой хар хурдаараа харайж ирээд гийнаж гаслаад байв. Төөлөө байдаггүй. Бид ч сандралдаж, аавыг мордонгуут нөгөө залхуу халтар чинь аавыг дагуулан хар хурдаараа арилаад өгөв.  Хэсэг хугацааны дараа аав Төөлөөг эмээл дээрээ дүүрчихсэн,  морийг нь хөтөлчихсөн ирлээ. Юу болов гэтэл, Төөлөө маань нилээд хэдэн айлаар орж уусан шимийн архиндаа согтож тасраад мориноосоо ойчоод өгч. Хул морь нь эзнийхээ дэргэд үлдэж, халтар банхар маань харин бидэнд дуулгахаар гэрийнхээ зүг харайлгасан юм байх...  
 
    Банхарын тухай  нэгэн  анчин өвгөн  “Монголчууд хоточ нохойгоо эцэг малаас дутуугүй эрхэмлэн үзэж, эртэй, ээлтэй тэр амьтны сүр хүчийг тодотгох гэж  улаан өнгийн даавуугаар хэл цацаг хайчлан хүзүүвчинд нь зүүдэг, хоолой нь уяандаа баригдаж сөөхөөс сэргийлж,  цээжээр нь хударгалж уядаг байсан. Монгол банхарын дөрвөн нүдийг бэлгийн нүд гэж өвөг дээдэс маань ярьдаг. Хаяанд аахилаад хэвтэж байхдаа хүртэл гэрийнхнээ бүх муу муухай юмнаас хамгаалдаг.
 
 Өл сайн даадаг, барагтай ядардаггүй, холын аян замыг туулах чадвар сайтай, ан гөрөө хийх ов зальтай, өөр рүү нь халдахгүй л бол хэр барагтай хүн рүү дайрдаггүй. Хүүхэд, хөгшид, малд их ээлтэй. Яаж ч зодож нүдэж байсан тэдэн рүү довтолж дайрна гэж байхгүй. Аливаа орчинд дасан зохицох чадвартай, зөнгөөрөө юм мэдэрдэг мөртлөө юм зааж сургахад удаан амьтан. Өөрөө гөрөөлж идэш тэжээлээ олдог, маш зоригтой тулаанч, тун ухаалаг, зальжин амьтан. Иймээс Банхарт гадаадынхан шиг  бүх зүйлийг заагаад байх шаардлага байдаггүй, гөлгөн нохойг сайн нохойгоо дагуулаад тавьчихад л өөрөө бүх зүйлийг сурдаг юм.
 
Хорь гучин эр нохойн дунд өссөн охин нохой яг чоно шиг болдог юм. Сүүлийн үед хөдөөнийхөн эр нохойгоо намарт жингэр эргүүлээд явчихдаг гээд хөнгөлж засдаг болжээ. Чоно чинь зассан, засаагүй нохойг дуугаар нь ялгадаг юм. Монгол нохой маш мундаг дархлаатай. Монгол нохой, чонотой адил  шархаа гурав долоогоод эдгээдэг гэдэг дээ. Орооныхоо үеэр хоорондоо зодолдоод цус нөж болчихсон амьтан л ирнэ, хэдхэн хоноод л шарх нь эдгэсэн байдаг” гэж ярьсан байдаг. 
 
   Нээрээ л нэрт зохиолч, орчуулагч Аким гуайн “Тэнгэрийн нохой” гэж номонд арваад хот айлын нэгнээс бусдынх нь малыг чоно сэглээд хаячихсан байдаг. Яагаад тэр айл үлдсэн юм бол гэтэл нохойгоо хөнгөлөөгүй байсан” гэж бичсэн байдаг даа. Хоточ нохой насны тоо нь гүйцвэл гаднаа хэвтэж үхдэггүй, цагаа болохоор гэр малаас холдож нүд аньдаг. Монголчууд үхсэн нохойгоо зөнд нь хаядаггүй, сүүлийг нь огтлож хөдөөлүүлдэг. Энэ нь нохойгоо хүн болж төрөхийг бэлгэдэж байгаа нэгэн зан үйл.   Эртнээс таван хошуу малаа хайрлан, байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай явсан бидний хоточ нохой босго давж гэрт ордоггүй, анд явж, хотоо манасаар олон мянган жилийг үджээ. Монгол хүн нохойгоо барьж аваад эрхлүүлэх нь ховор доо. 
 
     Банхруудын нэрийг тоочвол их олон. Хоточ нохой, хоньч нохой, Дөрвөн нүдтэй хар нохой, Монгол гарж гэх мэт... Хэвлэл мэдээллийнхнийг бид нийгэмд хоточ нохойн үүрэг гүйцэтгэх ёстой гэж боддог. Гэтэл олонхи хэвлэл мэдээллийн хэрэгсэл баячуудын гарт орсон өнөө үед  юуных нь хоточ нохой байхав, өнөөдөр тэнд ажиллаж буй сэтгүүлчид нь эздийнхээ бууны нохой болохоос өөр аргагүй болж байгаа юм чинь.  
 
    Чукотка хүрсэн монгол банхарын түүх.  Одоогоос 20 гаруй жилийн өмнө  “Бадарчин-93” аялалд 60 настай эмч, орчуулагч, И.Дэндэв, Л.Нацагням, П.Батзориг нар Монголоос нохой дагуулан  гарч  Оросын Дорнод Сибирь, АНУ-ын Аляскаар дамжин Мексикийн хил хүртэл аялсан түүх саяхан мэт. Тэд  замдаа Монгол эх орноо мөн цэвэр цусны хоточ Банхараа  сурталчлан явсан байдаг. Сибирийн түнэр өтгөн тайгааар өвөл зунгүй явсаны эцэст банхараа Чукоткын Анадырь хотод нэгэн айлд үлдээжээ.  
 
   “Банхар маань зүрх цагаан, улаан халтар том биетэй их догшин нохой байсан. Нохой маань аяллынхаа явцад хонь шиг номхорсон боловч хэрэгтэй цагт араатан зан нь үе үе илэрдэг байлаа. Шөнө тайгын битүү харанхуйд сайн харуул манаа болдог, лүн лүн гэсэн хуцалт нь  холоос сонсогддог тул хээрийн чонодын улиан хүртэл тасалддаг байсан юм. Араатан амьтад бусдыгаа дуу хоолойн цараагаар хир хүчтэй амьтан болохыг мэдэрдэг юм билээ. Эздийнхээ харцнаас тэр бүхнийг ойлгодог. За ядарч байна, амаръя даа гээд буудаллах хуурай газар хайхыг андахгүй, өөрөө хэвтэх газраа хэдий нь олоод хэвтчихдэг. Хэдэн удаа баавгайтай тааралдaхад дайрч орчих гээд золтой л алдчихаагүй арайхийж тогтоож байлаа. 
 
   Якутын нэг жижиг тосгоноор  дайран өнгөрөхөд банхар хэрэг мандааж, хашаанаас хашаа дамжин  нохдыг нь гаслуулж бөөн юм болсон. Бид гуравт сайн загнуулснаас хойш аргаа өөрчилж, тосгоны олон ноход түүнийг боргооход нь сүүлээ хавчиж шогшоод нөгөөх аймаар банхар чинь яачихав гэмээр болдог байв. Иймэрхүү янзаар явахад  ноход улам догшрон  боргооцгооно. Тосгоноос жаахан холдонгуут банхар маань ганцхан  ухаcxийн нөгөө хэдэн нохдыг нэг нэгээр нь шилдэж, шүүрч аваад хүрздэж байгаа юм шиг тал тал тийш нь тараагаад шидчихнэ.  Айсан ноход гаслан гийнаж тосгон руугаа сүүлээ хавчин зугатааж оддогсон. Замдаа тааралдсан амьтны ясыг том бага гэлтгүй сахар зажилж байгаа мэт  тачигнатал нь хагалан идэх нь сүрдмээр байж билээ Якут, Магаданы өтгөн тайгыг туулж, Чукотка орохдоо банхар маань их ядарч турсан. Олон хоног хоол ундгүй шогшиж, хүйтэн бороо, цасан шамарганд хээв нэг унтаж хэвтэх нь бахархмаар байсан даа.
 
   ...Жилийн дараа Чукоткын Анадырь хотод  очин банхараа үлдээсэн Протасович гэх айлын хаалгыг тогшиход өөдөөс минь баавгай шиг амьтан гүйж ирсэн нь банхар маань байлаа. Тэрээр загас идсээр байгаад зоолж таргалан багахан баавгай шиг болсон байлаа. Намайг хараад гасалж гангинаж, нохойн хэлээрээ бол уйлж байсан даа.  Банхар маань зүрх зоригоороо Анадырь хотынхны  гайхшралыг төрүүлж байсан юм билээ. Далайн эрэг дээр олноороо хэвтэх, цагаан баавгай ч зүрхэлж ойртдоггүй, арслан заан шиг урт соёотой далайн гахайнууд руу тэрээр архиран дайрч байж, хэд хэдэн удаа хадруулсан байсан.
 
    Банхар тэр удаа надаас алхам ч холдоогүй, өглөө босоход хөлийг минь дэрлэн санаа нь амарсан бололтой унтаж байсан. Би нохойгоо тэндээс авч, Эрхүүд буунгаа нэг хоноод маргааш нь Улаанбаатар нисэх ёстой байлаа. Эрхүүд байсан хэдэн монгол залуу банхар бид хоёрыг дагуулан хоолонд орохоор зах дээр ирлээ. Наймаачид банхарыг маань шарсан хавирга, пловоор дайлж байх үеэр хэдэн орос залуус нэг нохой хөтөлж ирснээ нохойгоо зодолдуулъя гэлээ.
 
Бүдүүн гинжээр уясан, дарвайсан том амтай, авдар шиг дөрвөлжин биетэй, шөрмөслөг зодооны тэр нохой байж ядан байгааг хараад дотроо айсан боловч, тэнд байсан монголчууд өдөөсөн учир аргагүйд хүрч банхарын хүзүүвчийг мултлан “туу” гээд тавьчихлаа. Юу болсон гэж санана. Зодооны нохой харван орж ирээд банхарын энд тэндээс нь хэд хэд хазаад авлаа.
 
Тэгнэ гэж санаагүй байсан бололтой гэнэдсэн банхар маань өнөөх нохойг ахин дайрахад нь цээжээрээ түсхийтэл мөргөж, хүчит савраараа газарт дарж унагангаа багалзуурыг нь тас зуун сэгсрэхэд зодоонч нохой гаслан хахирч цус нөжтэйгээ  хутгалдсан байсан.  Галзууртлаа уурссан банхарыг арайхийж салгахад нөгөө нохой руу хэр хэмжээгээ мэдээрэй гэх шиг айхтар ширүүн харж байсан шүү.
 
Энд тэндгүй пивоны бөглөө пүд пүд хийн мултрах дуу гаран  “Вот видишь эта, Монгольская собака” гэж хашгирхлдацгааж байлаа... Эзэндээ үнэнч нохойнхоо гайхамшигтай сайхан чанарыг үүрд дурсахын тулд Банхартаа зориулж нэг сайхан хөшөө босгох юм сан” гэж И.Дэндэв гуай дурсан ярьсан байдаг. Үүнийг сонссон  юм байлгүй Баянзүрх дүүргийн засаг дарга асан, одоогийн  ХХААҮЯ-ны дэд сайд Батзориг таван тэрбумаар Банхар нохойндоо сайхан хөшөө босгосон юм шүү. 
 
    Монгол хэлэнд нохой гэсэн үг орсон цэцэн үг, хэлц үгс, оньсого таавар 100 гаруй тэмдэглэгдсэн нь дэлхийн өөр ямар ч хэлийг дагуулахгүй үзүүлэлт.  “Хон хон дуутай, хондлой дээрээ дэгээтэй” гэдэг оньсогыг бидний үеийнхэн дотор мэдэхгүй хүн бараг байхгүй дээ.  Нохой боргох, нохой барих, нохой хорих, нохой шиншихгүй, нохой гаслам халуун гэдэг үгийн утгыг өнөөгийн хотын багачуул бараг мэдэхгүй болжээ. Айл руу явах гэж байгаа хотын нэг жаалд  “Нохойнд нь бариулав, болгоомжтой яваарай” гэсэн чинь урьдаас хэнэг ч үгүй “нохой гаргүй юм чинь намайг яаж барьдаг юм” гэж байгаа юм даа.  
 
   Монголчууд хэзээнээс ер нь их шооч улс. Хэнд ч хэрэггүй зүйлийг нохой шиншихгүй, их халууныг нохой гаслам халуун, эмх замбараагүй хог новш нь хөглөрсөн айл, албан байгууллагыг нохойн хороо шиг гэх ч  юм уу, хоорондоо хэрэлдэн муу муухайгаа дуудалцахыг нохой гахайдаа хүрэх гэж ярьдаг. Мөн очих газар дөхөх үед нохойн дуу ойртох гэнэ. Түнэр харанхуй шөнө хонох газар эрэн бэдчиж явахад нохойн дуу сонсдох мөн ч сайхан даа. 
 
   Цааш нь үргэлжлүүлбэл ямар нэгэн зүйл олдохгүй алга болох ч юм уу хэн нэгэн буруу хэрэг үйлдэхийг нохойн замаар орох гэж зүйрлэнэ. Нууж, харамлаж байсан зүйлээ бусдад алдсан нэгнийгээ чиний тэр харамлаад байсан юм чинь хар нохойн идэш болжээ гэж даапаална. Гэрийн хананы амыг буруу нийлүүлбэл нохой амаар нийлүүллээ гэх ч юм уу ядуу хоосон хүнийг нохой нүцгэн, гахай явган, эрдэм чадлаар маруухан хүн мэдэмхийрэхийг  нохойгүй газар гахай хуцах, идсэн хоолоо шингээхгүй чацга туувал муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гэж ёгтолно.
 
 Энэ мэтээр нохой сүүлээ, сүүл хонгорцгоо, нохой хамартаа хүрэхээр усч, нохойн хүзүүнд мах зүүж чонын нүхэнд хонь хадгалах, газар гишгэх малгүй ганхийх нохойгүй, нойртой хоноё гэвэл нохойгоо торд, ноён больё гэвэл зарцаа  торд,, жингэр нохой хуцаж л байг жингийн цувуу явдгаараа явна,  гэх мэт хэлц үгнүүд зөвхөн Монгол хэлэнд л байдаг байх. 
 
     Монгол хуанлид жил, сар өдөр, цагийг 12-т хувааж үздэг бөгөөд нохой жил, нохой сар , нохой өдөр, нохой цаг гэж байдаг. Мөн хүмүүний зан үйлтэй холбоотой нохой зальтай нохой хүн,  нохой үг, нохойдох, нохой явдал болох гэж ч ярих нь элбэг.  Ургамал амьтны нэрэнд хүртэл нохойн нэр орсон тохиолдол олон. Жишээ нь нохой зангуу, нохойн хошуу, нохой хуш, нохой  өвс, нохойн шээрэнгэ, нохойн хэл, нохойн шийр гэж ургамал байдаг бол нохойн ялаа, нохой бөөс, нохой галуу, нохой мич, нохой зээх гэх мэт амьтад байх жишээтэй. Энэ бүхнээс үзэхэд нохой гэдэг амьтан нүүдэлчин Монголчуудын амьдралд ямар их ойрхон байсан нь харагддаг юм. 
 
   Судлаачдын тогтоосноор 1920-иод оны үед Монголын малчин айл болгон нохойтой байсан учир  хоточ банхарын тоо 200 - 300 мянгад хүрч байжээ. Тэр үеэр Монголд ирсэн жуулчдыг гайхшруулж байсан нэг зүйл бол хааяагүй хархиралдах хүрээний олон ноход гэж бичсэн байдаг. Хүний урьд төрөл гэж үздэг учраас Монголчууд  эртнээс нохойг алахыг цээрлэдэг. Харин 1960-аад онд Оросоос олноор ирж байсан эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр  хүн, малын өвчин тараагч гэж үзэн олноор нь алж устгаснаас Монгол нохойн  тоо эрс цөөрсөн гэдэг юм билээ. Өнөөгийн малчдын хотонд Монгол  банхар маань үгүйлэгдэж, мотоцикл, машин олширсоор байгаа билээ. 
 
Эх сурвалж breakingnews.mn
Category: Танин мэдэхүй | Views: 1162 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 1
avatar
0
1 amaraa_amara • 6:05 PM, 2015-08-21
muuuuundag
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz