2010 оны хүн амын тооллогоор 45087 буриадууд бүртгэгджээ. Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Ханх, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин, Баян-Адарга суманд буриадууд амьдардаг. Эрт үед Дундад Сибирийн өмнөд хэсгээр нутаглан мал хариулж, ан агнаж, язгуурын монголчуудтай ойр дөт харилцсаар ирсэн байна. Байгал нуурын зүүн эрэг хавийн Баргужин төхөмд нутаглаж байсан Хорь, Түмэд, Баргуд зэрэг эртний сурвалжит аймгуудаас үүссэн гэж үздэг.
XIII зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж явсан ба XY зуунд баргуудын хамт Дөрвөн Ойрадын харъяанд орж, Батмөнх Даян хааны үед засаг захиргааны шинэчлэлт хийгдсэнээр буриадууд Урианхай түмэнд багтаж, Бодь-Алаг хааны үед Монголын хойд хэсэг буюу эх нутагтаа эргэн иржээ.
Буриадуудын нутагладаг Байгал нуур орчимд 1619 онд Оросын зүүн хязгаарын Казах цэргүүд довтлон ирж, улмаар 1644 оноос цэргийн бэхлэлт суурингууд байгуулж эхэлснээр орос иргэд нүүн ирж суурьших болжээ. 1688-1689 онд Түшээт хан Чахундорж нутаг усаа хамгаалан Байгал нуур орчимд казах цэргүүдтэй 5 удаа байлдсан боловч газар нутгаа эргүүлэн авч чадаагүй юм. Улмаар 1795 онд 5500 орос тариачныг шилжүүлэн суулгаж малын бэлчээрийг хязгаарласнаар буриадууд шахагдан Монгол руу дүрвэн орж иржээ. Тэд одоогийн ОХУ-ын Буриад улсын Сэлэнгэ, Хиагт, Бичүүрийн аймгаар тархан суусан байсан бөгөөд XX зууны эхэн үеэр Монголд өрнөсөн Эрх чөлөөний хөдөлгөөний нөлөөгөөр идэвхжиж олноороо нүүн орж иржээ. 1913 онд Дорнод аймгийн хилийн Чулуунхороот хавийн газраар 700 гаруй өрх айл нүүн ирсэн нь анхны их нүүдэл байсан байна. Тухайн үед тэднийг хүлээн аваагүй боловч 1920-1921 онд Монголын харъяат болгож, 1923 оны хоёр улсын гэрээ бичгийн дагуу албан ёсоор бүртгэж Халх-Нөмрөгийн буриад хошуу гэх мэтээр зохион байгуулжээ.
Буриадын яс овгууд дотор хорь, ага буриад нь буриадын эртний овгуудаас бүрэлдсэн бол сонгоол овог дотор Халх, Өвөрмонгол, Ойрад гаралтай яс овгууд зонхилдог байна. Эдүгээ буриадууд Монгол улсын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймагт, ОХУ-ын Буриад улсад, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрогт, Чита мужийн Агын тойрогт, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Шинэхээн аймагт тус тус оршин сууцгааж байна. Буриад хэл нь аялгууны хувьд Онон-Улз голын хорь, ага, хамниган, худир буриадын аялгуу, Сэлэнгэ-Үүрийн голын түнхэн-санагын сонгоол буриадын аялгуу хэмээн хуваагдана.
Буриадууд байшин сууцанд голлон сууж хадлан хадах, ан агнах, үхэр өсгөх зэрэг аж ахуй эрхлэн амьдардаг. Сүүгээ машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний чанамал хийх зэргээрээ алдартайгаас гадна найр наадамд харилцаа дуу дуулах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог түүх өгүүлэх зэрэгт ихэд шалгарсан ард түмэн юм.
Байгал нуурт нутаглаж байсан Барга баатарын дунд хөвгүүн Гүр Буряадын нэрнээс үүсэлтэйгээр “буряад” зон үүссэн хэмээн судлаачид үздэг ажээ.
Буриад эрэгтэйн дээлийн энгэр хурц омогтой, цайвар, хар, улаан өнгийн эдээр гурвалсан эмжээр хийж түүнийгээ дээд, дунд, доод гурван тэнгэр хэмээн домоглодог. Эмэгтэйчүүдийн дээлийн ханцуйн тохойн хэсгийг хоргой торгоор өргөн эмжиж уужны оноог арын хуниаснаас доош байрлуулж хийдэг. Буриад дээлийн энгэрийн эмжээрэнд хар, улаан өнгө заавал орох бөгөөд гурав дахь өнгө нь тухайн хүний хүйс, наснаас шалтгаалан өөр өөр байдаг байна. Хар, улаан өнгө оруулдаг нь түүхийн хугацаанд тэдний амссан хагацал зовлон, харуусал гашуудлыг илэрхийлдэг байна.
Авгай дээл нь энгэр, ар, өвөр, цээж, хормой тэргүүтэн найман хэсэг эсгэвэр нийлэн бүрдэнэ. Дээлийн энгэрийг нарийн эмжиж, дотоод ба гадаад хормойг хар бараан өнгийн эдээр өргөн эмждэг. Авгай дээлийн тохойг хоргой, торгоор гоёж, цээж хормой хоёрын залгаас хавьд хуниас гарган оёдог онцлогтой. Дээлийн ар мөрний хуниасыг гурван хос жигд хавна. Дээлийн заханд нэг, энгэрт хоёр, суганд нэг товч хадна. Буриад авгайн дээл нь татаахан, мөшгөөхөн, тууз зэрэг гоёмсог бөхөлгөөтэй. Самган дээлийн бүслүүр хавьд бөхөлгөөг хийдэг байхад басган дээлийн ар, өвөрт нь адилхан бөхөлгөө хийдэг. Авгай дээлийн ар хормой болон цээж хэсгийг бөс даавуугаар хийдэг бол урд хормойгоо торго, магнагаар хийдэг.
Малгайг 11 эгнээ оёдлоор ширдэг. Энэ нь буриадын 11 овог аймгийн бэлгэдэл юм. Аймаг болгон өөрийн шүтээнтэй. Цагаан хул, харгана, бодонгууд гэх мэт аймгууд бий.
Буриад зоны үүслийн тухай: Эрт цагт овог аймаг хоорондын их дайн тулааны үеэр Баргабаатар Тайсан ноён хааныхаа отгон хүү Бөртө чоныг аван амь гарч Байгаль нуурын өмнөд хэсэгт ирж суурьшжээ. Баргабаатар Гүрэ-Буриад, Элюүдэр мэргэн, Хоридай мэргэн гэсэн 3 хүүтэй байв. Хоридай мэргэний Баргажин гуа гэргийгээс Алангуа охин, удаах гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хүгдүүд, Гушад, Шарайд гэсэн 5 хөвгүүн, гурав дахь гэргий Нагатайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батнай, Сагаан, Халбин гэсэн 6 хүү төржээ. Хоридай мэргэний эдгээр 11 хөвгүүн өсөж өнөржин Хорийн 11 эцгийн буриад зон олон болсон түүхтэй. Харин Гүрэ-Буриад нь эхирэд булагадын, Элюдэр мэргэн нь ойрадын өвөг болсон хэмээдэг. Монголын Нууц Товчоонд Хоридай мэргэн хори түмэдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад улмаар салж хорилар овогтон болоод Бурхан Халдун уулын зүг ирсэн тухай өгүүлдэг. Энэхүү хорилар хэмээх овгийн нэр нь хожим горлос гэгдэж, горлос нь хожим Халхын 7 отгын нэг болж Гэрсэнзийн гутгаар хөвгүүн Онохуйн мэдэлд очсон гэдэг.