Бид бүгдээрээ л хүүхдүүдээ манлайлагч, удирдагч нэгэн болгохыг хүсдэг.
Эр зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, чигч шударга нэгэн болоосой хэмээн хүсдэг. Үйлдэл нь бусдад урам зориг өгч, хэзээ ч төсөөлж байгаагүй гайхалтай зүйлст хүрээсэй хэмээн бид мөрөөддөг.
Харин тэднийг манлайлалд хүргэх зам нь эцэг эх, асран хамгаалагчид бидний л гарт байдаг.
Энэ хязгааргүй өрсөлдөөнт дэлхий ертөнцөд өөрийгөө болон бусдыг удирдан чиглүүлэх чадвартай нэгэн болох уу, эсвэл нийгэмд өөрсдийгөө боол зарц мэтээр харах сөрөг бодлын хохирогчид болох уу - Энэ бүхэн биднээс л шалтгаална.
Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг маш том хариуцлага.
Доор дурдсан 8 зөвлөгөөнд төвлөрөн өдөр бүр хэрэгжүүлбэл, хүүхдэдээ, мөн өөртөө манлайллын ур чадварыг төлөвшүүлж чадна:
1.Сэтгэл зүйн чадамж (EQ) –ийг нь хөгжүүл
Сэтгэл зүйн чадамж гэдэг нь бид бүгдийн дотор орших биет бус зүйл юм. Энэ нь бидний биеэ авч явах хэм хэмжээг удирдан, тулгарсан төвөгтэй асуудлуудыг даван туулах, эерэг үр дүнд хүрэхийн тулд бие даан шийдвэр гаргах чадварт нөлөөлж байдаг.
Сэтгэл зүйн чадамжийн талаар хүүхдүүд эцэг эхээсээ суралцдаг нь илэрхий. Эцэг эхээ өдөр болгон харж, зан авир, үйлдэл, шинж чанарыг нь яг л далайн хөвөн мэт өөртөө шингээн авч байдаг.
Сэтгэл зүйн чадамж гэдэг ойлголтыг манлайллын байр сууринаас харвал, амжилтанд хүрэх хамгийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг болдог. TalentSmart компаниас 1 сая гаруй хүмүүсийн дунд судалгаа явуулахад, манлайлагчийн ажлын гүйцэтгэлийн 58% нь сэтгэл зүйн чадамжаас хамаардаг болохыг олж тогтоосон байна. Мөн маш амжилттай яваа манлайлагчдын 90% нь сэтгэл зүйн чадамж (EQ) өндөртэй байдаг нь илэрчээ.
Ихэнх хүмүүс сэтгэл зүйн чадамжаа хөгжүүлэх тал дээр маш бага зүйлийг хийдэг. Бидний судалгаанд оролцсон хүмүүсийн дөнгөж 36% нь л сэтгэл хөдлөлөө танин мэдэх, удирдах чадвартай нь тогтоогдсон. Сэтгэл зүйн чадамжаа өндөр түвшинд хөгжүүлж чадсан хүүхдүүд тухайн чадвараа насанд хүртлээ байнга өнгөлөн зүлгэснээр амьдралд манлайлах боломжоор илүү байдаг байна.
2.Зөвхөн амжилтын төлөө улайрагч нэгэн болгож болохгүй
Эцэг эхчүүд хүүхдүүдээ ирээдүйд маш өндөр амжилтанд хүрээсэй гэж хүссэндээ, үргэлж л амжилт, үр дүнг тэднээс нэхэн шаарддаг. Хэзээ ч ялагдахгүй дандаа ялаад сурчихвал, хүүхдэд тодорхой хэмжээгээр муу нөлөөтэйг мартаж болохгүй. Ялангуяа удирдагч, манлайлагч болох гэж байгаа хүн зөвхөн хувийн амжилтандаа төвлөрөөд сурчихвал багаа амжилтанд хүргэх хэцүү.
Энгийнээр хэлэхэд, шилдэг манлайлагчид ганцаараа бүгдийг хийж чадахгүй гэдгээ мэддэг учраас хамгийн агуу, гайхалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байдаг. Амжилтанд шунаж, дулдуйдсан хүүхдүүд зөвхөн шагнал, хэзээ ч бүрэн ойлгогдохгүй үр дүнд л төвлөрдөг. Тэд хамгийн үнэ цэнтэй тоглогчийн цом хэнд очсон, алдартай сонин сэтгүүлийн нүүрэн дээр ямар захирлын зураг гарсан гэх мэтээр амжилтыг зөвхөн хувь хүн хүртэх ёстой зүйл гэж хардаг. Ийм сэтгэхүйг өөртөө бий болгосон хүүхэд ирээдүйд бүхнийг олж мэдээд их л харамсах болно.
3.Хэт их магтах хэрэггүй
Хүүхдээ өөрийгөө үнэн бодитоор, эерэгээр үнэлэх мэдрэмжтэй болгохын тулд урам, магтаалаар тэтгэж байх нь зүйтэй. Харамсалтай нь үргэлж магтаал, сайшаалаар тэднийг буллаа гээд, өөртөө илүү их итгэлтэй хүн болчихгүй. Хүүхдүүд өөрийгөө үнэлж, амжилттай удирдагч болоход шаардлагатай өөртөө итгэлтэй чанарыг хөгжүүлэх нь зүйн хэрэг ч, үсэг холбож, бөмбөг өшиглөх бүрт нь учиргүй магтаад байвал, хүүхдэд эргэлзээ, хуурмаг итгэл төрүүлэх аюултай. Хүүхдүүдийнхээ хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлээр нь бахархаж байгаагаа үргэлж хэлж бай; гэвч супер од биш гэдгийг нь мэдсээр байж, цаасан малгай өмсгөх хэрэггүй.
4.Эрсдэл, бүтэлгүйтэлтэй учрахыг нь зөвшөөр
Бизнес болон амьдралд, амжилт гэдэг ямар нэгэн эрсдлийн үр дүнд бий болдог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгаалах тал дээр хэт ихийг хийж бас болохгүй. Ингэснээр тэдний эрсдэл гаргах, түүнийхээ үр дүнг үзэх боломжийг нь хаах аюултай. Хэрэв танд бүтэлгүйтэх нөхцөл өгөгдөөгүй бол, эрсдлийн утга учрыг ойлгохгүй шүү дээ.
Амжилтанд хөтлөх зам бүтэлгүйтлээр цутгагдсан байдаг. Хүүхдүүдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлэх гэсэндээ үргэлж л хамгаалж, хаацайлаад байвал, манлайлагч болоход шаардлагатай бүтэлгүйтлийг тэсэн гарах чадварыг тэдэнд суулгаж чадахгүй. Түүнчлэн бүтэлгүйтэх боломжийг олгосон бол, алдаа дутагдлыг нь шүүмжилж, шоолж болохгүй. Энэ үед л эцэг эхийн дэмжлэг хамгаас чухал байдгийг мартаж болохгүй. Хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьдаг гэдгээ харуул. Бүтэлгүйтэхэд ямар их өвддөгийг мэднэ гэдгээ тэдэнд хэл. Эрсдэл гаргаж, алдаанаасаа суралцаж, хариуцлагаа хүлээж чадах чанар бол ирээдүйн манлайлагчийг бий болгоход хамгийн чухал чанар гэдгийг бүү март.
5.Үгүй гэж хэл
Хүүхдээ хэт эрхлүүлбэл, манлайлагч болон төлөвшихөд нь мэдээжээр саад болно. Удирдагч болохыг хүссэн хүн зугаа цэнгэлийг хойш тавьж, үнэнхүү чухал зүйлийнхээ төлөө шаргуу ажиллах чадвартай байх ёстой. Үүнд хүрэх тэвчээрийг хүүхдүүддээ төлөвшүүл. Тэд зорилго, зорилтуудыг тавьж, түүнийхээ төлөө тууштай, шаргуу ажилласныхаа үр дүнд ирэх баяр баясгаланг мэдрэвэл зохино. Шаардлагатай үед тэдэнд үгүй гэж хэлж бай. Хэсэг зуур тэднийг гонсойлгох ч, хэтдээ чухал зүйлсийн үнэ цэнийг ойлгуул.
6.Асуудлыг өөрийнхөөрөө шийдэх боломжийг олго
Удирдагч манлайлагч хүн биеэ даасан, тусгаар нэгэн байх ёстой. Хүүхдүүддээ өөрийнхөөрөө хийх боломжийг нь олгосон бол, үүсгэсэн эмх замбараагүй байдлаа өөрсдөө цэгцлэх шаардлагыг ч мөн тавь. Эцэг эхчүүд асуудал гармагц л хүүхдүүдийнхээ урдуур орж шийдвэрлээд байвал, тэд хэзээ ч 2 хөл дээрээ бат зогсож чадахгүй. Үргэлж хэн нэгэн ирж авардаг, үүсгэсэн асуудлыг нь шийддэг үзэгдэлд дасчихвал, хойшдоо ч бүх зүйл тийм амархан байх мэтээр, хэн нэгнээс хараат, санаачлагагүй нэгэн болж төлөвшдөг. Манлайлагчид үйлдэл хийдэг. Тэд хийсэн үйлдэлдээ эзэн болдог. Тэд ухамсартай, хариуцлагаа үүрэх чадвартай. Хүүхдээ ч мөн адил тийм зан чанаруудад сурга.
7. Хэлсэндээ хүр
Жинхэнэ манлайлагчид ил тод, нээлттэй, үргэлж бэлэн байдалд байдаг. Төгс төгөлдөр биш ч, хэлсэндээ хүрдэг чанараараа хүмүүсийн итгэл, хүндлэлийг хүлээдэг. Хэрэв та яг ийм байж, хүүхдүүддээ зөв үлгэр дууриал үзүүлж чадвал, тэд ч ямар нэгэн тусгайлсан хичээл оролдлогогүйгээр тухайн зан чанаруудыг өөртөө суулгах боломжтой. Жинхэнэ, үнэн нэгэн байхын тулд зөвхөн хэлж буй үг, хийж буй үйлдэлдээ бус, өөрөө өөртөө, бүх зүйлд үнэнч, шударга хандах ёстой. Хэлсэн үгэндээ хүрдэг чанар бол, өөрийг чинь жинхэнэ нэгэн болохыг илтгэдэг чухал чанар. Энэ зан чанарыг тэд эцэг эхээсээ суралцдаг.
8.Өөрийгөө хүн гэдгээ харуул
Хэдийгээр хүүхдүүд тухайн нөхцөл байдалд эцэг эхдээ дургуйцэх, тэднийг зэвүүцэх зан гаргадаг ч, тэдний хувьд хүчирхэг баатар, үлгэр жишээ нэгэн нь хэвээрээ л байх болно. Гаргасан алдааг минь давтах вий гэсэндээ тэднээс нууж болохгүй. Хэрэв өөрийн дутагдал, сул талаа харуулахгүй байх юм бол, хүүхдүүд чинь зөвхөн өөрсдөө л үргэлж уучламгүй алдаа гаргаж байдаг нэгэн мэтээр өөрийгөө буруутгаж, гэмшиж болох юм.
Хүүхдүүдээ манлайлагч болгон хөгжүүлэхийн тулд, тэдний шүтэн биширдэг хэн ч бай алдаа гаргаж, бүтэлгүйтдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Манлайлагчид алдаагаа шүүн тунгааж, түүнээсээ суралцаж, илүү сайн нэгэн болохын тулд цааш урагшлах хатуужилтай байх ёстой. Харин алдаа гаргасанд нь зэмлэж буруушаавал, хүүхдүүдийнхээ цааш алхах зоригийг мохоох болно. Тиймээс хүүхдүүдэд алдаанаасаа хэрхэн суралцахыг заах жинхэнэ, бодит, сул талтай хүн хэрэгтэй.
Хэрэв бид хичээвэл, хүүхдүүдээ удирдагч, манлайлагч нэгэн болгон өсгөж чадна. Энэ бол амьдралд өөрийн цаг хугацаа, хичээл зүтгэлээ зарцуулбал зохих цөөн зүйлсийн нэг юм шүү.
Та хүүхдээ манлайлагч болгон хүмүүжүүлэхийн тулд юуг заадаг вэ? Коммент хэсэгт өөрийн санал бодлоо бидэнтэй хуваалцана уу.
Эх сурвалж: Эндээс
|